Эрхэм хүндэт эцэг эхчүүд, суралцагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе
2004 онд ахлах сургуулийн босгыг тавьж байсан "Оюуны Тулга" сургууль өдгөө 20 гаруй жилийн түүхийг бүтээн, бага, дунд, ахлах сургуулийн гурван салбартай сургалтын томоохон цогцолбор болон өргөжжээ.
Миний бие математикийн багш мэргэжилтэй хүний хувьд аливаа боловсролын үндэс суурь нь зөв логик, системтэй сэтгэлгээ болон чанартай арга зүй дээр тогтдог гэдэгт бат итгэдэг. Бид Монгол улсад STEAM хөтөлбөр болон Соробан сампингийн арга зүйг анхлан нэвтрүүлж, инновацыг түүчээлсэн түүхээрээ бахархдаг. Энэхүү түүхэн замналдаа тулгуурлан, энэ хичээлийн жилээс бид дэлхийн стандартын Кембрижийн олон улсын хөтөлбөрийг сургалтдаа нэмж нэгтгэсэн нь манай сургуулийн хувьд чанарын шинэ шатанд гарч буй хэрэг юм.
Сургуулийн хөгжил дэвшил, сурагчдын амжилт гэдэг нь зөвхөн сургалтын хөтөлбөрөөс бус, багш, сурагч, эцэг эхийн идэвхтэй оролцоо, нягт хамтын ажиллагаанаас шууд хамаардаг. Математикч хүний хувьд би энэхүү "Гурвалсан холбоо"-г сурагчийн хөгжлийн хамгийн оновчтой "тэгшитгэл" гэж үздэг билээ. Бид эцэг эхчүүдийг хүүхдийнхээ сурч боловсрох аялалд нь хамгийн ойрын зөвлөгч, хамтран ажиллагч байгаасай хэмээн уриалж байна. Бид хүүхэд бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэн, тэднийг өөртөө итгэлтэй, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэдэг "Дэлхийн иргэн" болгон бэлтгэхийг эрхэмлэдэг.
Манай цахим хуудсаар зочлон, "Оюуны тулга" сургуулийн олон улсын жишигт нийцсэн сургалтын орчин, амжилт ололттой танилцаарай. Бид таны хүүхдийн гэрэлт ирээдүйн төлөө тантай хамтран зүтгэхэд ямагт бэлэн байх болно.
Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Т.Туяа